38 дугаар зүйл. Төв төрийн сангийн чиг үүрэг
38.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төв төрийн сангийн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
38.1.1.төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах;
38.1.2.төрийн сангийн үйл ажиллагааны журам, зааврыг төлбөр болон орлогын гүйлгээг гүйцэтгэх журам, заавар боловсруулж хэрэгжүүлэх;
38.1.3.төрийн сангийн ажилтныг мэргэшүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
38.1.4.төрийн сангийн үйл ажиллагааны журам, зааврыг боловсруулж хэрэгжүүлэх;
38.1.5.мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх;
38.1.6.улсын төсвийн зарлагыг тогтмол хугацаанд санхүүжүүлэх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг санхүүгийн зах зээлээс бүрдүүлэх;
/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.1.7.улсын төсвийн зарлагыг тогтмол хугацаанд санхүүжүүлэх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг төрийн сангийн нэгдсэн дансны хүрээнд улсын төсөв болон улсын төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн жилийн эцэст хаагдсан байхаар мөнгөн хөрөнгийн өглөг үүсгэн бүрдүүлэх;
/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.1.8.хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг Монголбанкаар дамжуулан богино хугацааны хөрөнгө оруулалтад оруулах асуудлыг шийдвэрлэх;
38.1.9.төсвийн захирагчид санхүүгийн үйлчилгээ үзүүлэх;
38.1.10.санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх;
38.1.11.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээг нэгтгэн боловсруулах;
38.1.12.төсвийн захирагчид төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх.