57 дугаар зүйл. Орон нутгийн төсөв
57.1.Орон нутгийн төсөвт хуваарилах орлогын нэр төрлийг энэ хуулиар, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүргийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
57.2.Орон нутгийн төсвийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн хуульд нийцүүлэн алдагдалгүй төлөвлөн баталж, хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-нйи өдрийн хуулиар нэмэлт оруулсан /
57.3.Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөвт тусган баталж хэрэгжүүлэх ба зарлага нь санхүүжүүлэх эх үүсвэрээсээ хэтрэхгүй байна.
57.4.Сум, дүүргийн төсвийн орлогын улирлын чанартай дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн төсвөөс богино хугацаатай зээл олгож болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
57.5.Орон нутгийн төсөвт Өрийн удирдлагын тухай хууль болон энэ хуулийн 41.5, 57.4, 62.2-т зааснаас бусад тохиолдолд өр үүсгэх, баталгаа гаргахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/