59 дугаар зүйл. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан
59.1.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
59.1.1.импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 5 хувь; /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
59.1.2.Ашигт малтмалын тухай хуулийн 473 дугаар зүйлд зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 10 хувь; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
59.1.3.орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоодын төрийн бус байгууллагын болон гадаадын албан ёсны тусламж, хандив, дээд шатны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс олгох урамшуулал, дэмжлэг;
/Энэ заалтад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
59.1.4.энэ хуулийн 56.2-т заасан төвлөрүүлэх хөрөнгө;
/Энэ заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
59.1.5 газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь.
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
59.2.Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хот нь Орон нутгийн хөгжлийн сангаас болон улсын төсвөөс олгосон шилжүүлгийг доор дурдсанаар сум дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Орон нутгийн хөгжлийн санд хуваарилна: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
59.2.1.энэ хуулийн 60.11-д заасан үйлчилгээний зардалд ногдох хэсгийг сум дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
59.2.2.энэ хуулийн 59.8-д зааснаас бусад хэсгийн 60 хувийг дараах итгэлцүүрийг харгалзан хуваарилах: 59.2.2.1.хүн амын тоо; 59.2.2.2.нутаг дэвсгэрийн хэмжээ; 59.2.2.3.ашигт малтмал болон газрын тосны ашиглалтын талбайн хэмжээ. /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
59.2.3.улсын төсвөөс аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын Орон нутгийн хөгжлийн санд энэ хуулийн 60.2.7-д заасан орлогын шижүүлгийг 60 дугаар зүйлийн 60.6-д зааснаар хуваарилах. /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
59.2.4.энэ хуулийн 59.1.3, 60.2.5-д заасан эх үүсвэрийг хандивлагч талаас болон урамшуулал, дэмжлэг олгогч байгууллагаас хүлээн авагч талыг тусгайлан заасан тохиолдолд тухайн сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны орон нутгийн хөгжлийн санд шууд хуваарилах ба итгэлцүүрээр хуваарилах хөрөнгөд тооцохгүй. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
59.3.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн жил орон нутгийн төсөвт олгох шилжүүлгийг тодорхойлохдоо дараах итгэлцүүрийг үндэслэн тогтооно:
59.3.1.орон нутгийн хөгжлийн индекс;
59.3.2.хүн амын тоо;
59.3.3.нутаг дэвсгэрийн хэмжээ; /Энэ заалтад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
59.3.4.орон нутгийн татварын идэвх санаачилга. /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
59.3.5.өмнөх жилийн төлөвлөлт, зарцуулалт, үйл ажиллагааны үнэлгээ. /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
59.4.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутагт хуваарилахдаа ашигт малтмалын олборлолт хийгдсэн тухайн орон нутгийн нэг хүнд ногдох хэмжээг бусад орон нутгийн нэг хүнд ногдох хэмжээнээс 10 хүртэл хувиар нэмэгдүүлэн тогтооно. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
59.5.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох шилжүүлгийг тооцох аргачлалыг Засгийн газар батална.
59.6.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас энэ хуулийн 59.1.3-т заасан эх үүсвэрийг хандивлагч талаас болон урамшуулал, дэмжлэг олгогч байгууллагаас хүлээн авагч талыг тусгайлан заасан тохиолдолд тухайн орон нутгийн хөгжлийн санд шууд хуваарилах ба итгэлцүүрээр хуваарилах хөрөнгөд тооцохгүй. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
59.7.Энэ хуулийн 59.1.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын 10 хувийг тухайн эх үүсвэрийн 20 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймаг, улсын зэрэглэлтэй хотод тэнцүү хэмжээгээр, 20 хувийг тухайн эх үүсвэрийн 20 хүртэлх хувийг бүрдүүлэх аймаг, улсын зэрэглэлтэй хотод бүрдүүлсэн хэмжээгээр нь хувь тэнцүүлж, мөн хуулийн 59.1.5-д заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын 30 хувийг тухайн эх үүсвэрийн 1 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймаг, улсын зэрэглэлтэй хотод тэнцүү хэмжээгээр тус тус хуваарилна. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
59.8.Энэ хуулийн 59.1.2-т заасан эх үүсвэрээс энэ хуулийн 59.3.5-д заасан итгэлцүүрээр хуваарилагдах хөрөнгийг сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны орон нутгийн хөгжлийн санд шууд хуваарилна. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
59.9.Энэ хуулийн 59.7, 59.8-д заасны дагуу орлогын шилжүүлгийг тодорхойлсны дараа орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн үлдсэн хэсгийг энэ хуулийн 59.3.1, 59.3.2, 59.3.3-т заасан итгэлцүүрээр тодорхойлно. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./