60 дугаар зүйл. Орон нутгийн хөгжлийн сан
60.1.Тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий Орон нутгийн хөгжлийн сантай байна.
60.2.Орон нутгийн хөгжлийн сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
60.2.1.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг;
60.2.2.энэ хуулийн 59.2-т заасан хөрөнгө; /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
60.2.3.орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийг хасч үлдэх хэсэг;
/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
60.2.4.татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх болон зарлагыг хэмнэх замаар бий болгосон нэмэгдэл эх үүсвэр;
60.2.5.тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоод, гадаадын хандив, тусламж, дээд шатны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс олгох урамшуулал, дэмжлэг.
/Энэ заалтад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
60.2.6.Ашигт малтмалын тухай хуулийн 473дугаар зүйлд зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг хассан зөрүүний 10 хувь; /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
60.2.7.ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос 2019 оны төсвийн жилд 50 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн 100 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувь.
/Энэ заалтыг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
60.2.8.малын тоо толгойн албан татварын орлого. Уг орлогын эх үүсвэрийг бэлчээрийн даац тогтоох, бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ хийх, бэлчээр ашиглуулах гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах, газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./
60.2.9.Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан гэрээний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нутгийн захиргааны байгууллагад өгсөн хандив, тусламж. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
60.2.10.энэ хуулийн 59.8-д заасан хуваарилалт. /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
60.3.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулахыг хориглоно:
60.3.1.орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ.
60.3.2.улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлага;
60.3.3.үндэсний их баяр наадмаас бусад баяр, наадам, ойн арга хэмжээ, шашны зан үйлийн болон ёслолын зардал;
60.3.4.нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа;
60.3.5.зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах;
60.3.6.орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ.
60.4.Энэ хуулийн 60.3.1-д заасан хуулиар тогтоосон чиг үүрэгт тухайн засаг захиргааны нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарахгүй. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
60.5.Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.6-д заасан орлогын 33-аас доошгүй хувийг ашигт малтмалын олборлолт хийсэн сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгоно. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
60.6.Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын орон нутгийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.7-д заасан орлогыг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших сум, дүүрэг, тосгон, орон нутгийн зэрэглэлтэй хотын орон нутгийн хөгжлийн санд олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
60.7.Энэ хуулийн 60.2.6-д заасан эх үүсвэрийг ашигт малтмал ашигласан аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд, энэ хуулийн 60.2.7-д заасан эх үүсвэрийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд улсын төсвөөс шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
60.8.Энэ хуулийн 60.2.6-д заасан улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
60.9.Энэ хуулийн 60.6-д заасан нутаг дэвсгэр нь хоёр болон түүнээс дээш тооны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хамрах бол хувь тэнцүүлэх замаар орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийг хийнэ. /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
60.10.Энэ хуулийн 60.6-60.9-д заасан орлогын шилжүүлэг хийх нарийвчилсан аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
60.11.Энэ хуулийн 60.3.6 дахь заалтад 58.1.8, 58.1.12, 58.2.11, 58.2.12, 58.2.15, 58.3.4, 58.4.3, 58.4.4, 58.4.9, 58.4.10-т заасныг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйлчилгээний зардал хамаарахгүй. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
60.12.Хот нь энэ хуулийн 60.1-д зааснаас гадна хуульд тусгайлан заасан сантай байж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./