10 дугаар зүйл. Олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал
10.1.Хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг тухайн олон талт олон улсын гэрээний эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар, шаардлагатай бол түүний орчуулгын хамт энэ хуулийн 9.1-д заасан журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
10.2.Энэ хуулийн 8.1.3-т заасан заавал соёрхон батлах олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг энэ хуулийн 9.2-т заасан журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
10.3.Засгийн газар заавал соёрхон батлах олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон талт олон улсын гэрээг дэмжсэн бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой холбогдох журмын дагуу урьдчилан зөвшилцөнө.
10.4.Заавал соёрхон батлах олон талт олон улсын гэрээнд гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй бол тухайн олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, энэ зүйлийн 10.1-д заасны дагуу тухайн хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг хэлэлцүүлэхдээ хамт хэлэлцүүлнэ.
10.5.Соёрхон батлах шаардлагагүй олон талт олон улсын гэрээнд гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй бол тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, энэ зүйлийн 10.1-д заасны дагуу тухайн хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг хэлэлцүүлэхдээ хамт хэлэлцүүлнэ.
10.6.Хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг энэ зүйлийн 10.1-д заасны дагуу хэлэлцүүлэхдээ тухайн олон талт олон улсын гэрээнд тайлбар хийх, тухайн олон талт олон улсын гэрээг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагыг тодорхойлох шаардлагатай бол энэ талаархи саналыг хамт хэлэлцүүлнэ.
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ, ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ШИЙДВЭР ГАРГАХ