9 дугаар зүйл. Хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах санал
9.1.Хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах саналыг тухайн гэрээний эцэслэн тохиролцсон, эсхүл үзэглэсэн төсөл, эсхүл баталсан буюу жинхэлсэн эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар, шаардлагатай бол түүний орчуулгын хамт уг олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр холбогдох журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
9.2.Энэ хуулийн 8.1.3-т заасан заавал соёрхон батлах хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах саналыг гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
9.3.Хоёр болон олон талт олон улсын гэрээний монголын талын төслийг уг гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан, шаардлагатай бол холбогдох бусад байгууллагатай хамтран боловсруулж, олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийж, олон улсын гэрээний төслийг эцэслэн тохиролцоно.
9.4.Засгийн газар заавал соёрхон батлах хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний эцэслэн тохиролцсон, эсхүл үзэглэсэн төсөл, эсхүл баталсан буюу жинхэлсэн эх бичвэрийг хэлэлцэн дэмжсэн бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой холбогдох журмын дагуу урьдчилан зөвшилцөнө.
9.5.Олон талт олон улсын гэрээ байгуулснаар тухайн олон улсын гэрээг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагыг тодорхойлох шаардлагатай бол энэ талаархи саналыг энэ зүйлийн 9.1-д заасан саналын хамт хэлэлцүүлнэ.
9.6.Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан байгуулах энэ хуулийн 8.1.2-т заасан хоёр талт олон улсын гэрээний саналыг тухайн гэрээний төсөл, гэрээний орчуулга, соёрхон батлах тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлалын төслийн хамт Хууль тогтоомжийн тухай хуулийн 20.8, 20.9-д заасан зөвшөөрлийг авсны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./