12 дугаар зүйл. Хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах шийдвэр гаргах
12.1.Засгийн газар соёрхон батлах шаардлагагүй хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах санал, тухайн олон улсын гэрээний эцэслэн тохиролцсон, эсхүл үзэглэсэн төсөл, эсхүл баталсан буюу жинхэлсэн эх бичвэрийг холбогдох журмын дагуу хэлэлцэн дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
12.1.1.олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг бүхэлд нь зөвшөөрч, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтанд олгох;
12.1.2.баталсан буюу жинхэлсэн эх бичвэрээс бусад олон улсын гэрээний төсөлтэй холбогдуулан зарчмын шинжтэй тодорхой засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлийг тухайн асуудлыг хэлэлцүүлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгөх;
12.1.3.олон улсын гэрээ байгуулахыг эс зөвшөөрөх.
12.2.Засгийн газраас урьдчилан зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн заавал соёрхон батлах хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний эцэслэн тохиролцсон, эсхүл үзэглэсэн төсөл, эсхүл баталсан буюу жинхэлсэн эх бичвэрийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлнэ.
12.3.Энэ зүйлийн 12.1.2-т заасан Засгийн газрын шийдвэр, энэ зүйлийн 12.2-т заасны дагуу гаргасан Байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу энэ хуулийн 9.3-т заасан байгууллага олон улсын гэрээний төсөлд засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнг олон улсын гэрээний шинэчилсэн төслийн хамт холбогдох журмын дагуу Засгийн газраар хэлэлцүүлэх, эсхүл Улсын Их Хуралд зөвшилцөхөөр дахин хүргүүлнэ.