14 дугаар зүйл. Бүрэн эрхийн итгэмжлэл олгох

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Бүрэн эрхийн итгэмжлэл олгох

14.1.Хоёр болон олон талт олон улсын гэрээг байгуулах, олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайдын захирамжаар хоёр болон олон талт олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтанд олгоно.

14.2.Энэ зүйлийн 14.1-д заасан Ерөнхий сайдын захирамжийг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ зүйлийн 14.3.1-14.3.3-т зааснаас бусад албан тушаалтанд олон улсын гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийн итгэмжлэл олгоно.

14.3.Дараахь албан тушаалтан бүрэн эрхийн итгэмжлэлгүйгээр олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхтэй:

14.3.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;

14.3.2.Монгол Улсын Ерөнхий сайд;

14.3.3.гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн.

14.4.Энэ зүйлийн 14.3.1-14.3.3-т заасан албан тушаалтан энэ зүйлийн 14.1-д заасан санал, дүгнэлт, шийдвэрийг үндэслэн олон улсын гэрээнд гарын үсэг зурах үүрэгтэй.

14.5.Энэ зүйлийн 14.1-14.4-т заасан шаардлага нь олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах харилцаанд нэгэн адил үйлчилнэ.

14.6.Энэ хуульд заасны дагуу авсан зохих эрх, бүрэн эрхийн итгэмжлэлийн үндсэн дээр гадаад улс болон олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн тухайн улс болон хавсран суугаа улстай, эсхүл тухайн байгууллагын хүрээнд олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, олон улсын гэрээний төслийг эцэслэн тохиролцох, үзэглэх, батлах буюу жинхлэх эрхтэй.

14.7.Олон талт олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, гэрээний төслийг эцэслэн тохиролцох, эх бичвэрийг батлах, эсхүл жинхлэх, гарын үсэг зурах, олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудал хэлэлцэх асуудалд нь орсон олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох төлөөлөгч энэ хуульд заасан журмын дагуу зохих эрхээ авах, бүрэн эрхийн итгэмжлэл гаргуулах үүрэгтэй.

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ, БАТЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.