24 дугаар зүйл. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелэлтэд хяналт тавих
24.1.Олон улсын гэрээ Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр болсон хугацааг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон нийтэд албан ёсны цахим хуудсаараа мэдээлэх үүрэгтэй.
24.2.Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн олон улсын гэрээгээр салбар хоорондын харилцааг зохицуулсан бол холбогдох байгууллагатай хамтран биелүүлнэ.
24.3.Монгол Улсын олон улсын гэрээний үүргийн биелэлтэд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах талаар зөвлөмж, чиглэл өгч, шаардлагатай бол энэ тухай санал боловсруулж Улсын Их Хурал, эсхүл Засгийн газарт танилцуулна.
24.4.Засгийн газар Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг зохион байгуулж, энэ хуулийн 8.1.1-д заасан олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар Улсын Их Хуралд хоёр жил тутам танилцуулна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
24.5.Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг гэрээний нөгөө тал, эсхүл бусад тал хэрхэн биелүүлж байгаа, монголын талын эрхийг хэрхэн хангаж байгаад тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
24.6.Олон улсын гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа бол олон улсын гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талд тавих, шаардлагатай бол тухайн олон улсын гэрээний үйлчлэлийг дуусгавар болгох, цуцлах, гарах, эсхүл үйлчлэлийг түр зогсоох саналыг Улсын Их Хурал, эсхүл Засгийн газраар хэлэлцүүлнэ.
24.7.Монгол Улсын олон улсын гэрээний дагуу төлөх татвар, хандив, тэдгээртэй адилтгах санхүүгийн үүргийг биелүүлэх зардлыг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт суулган, тухай бүр заагдсан хугацаанд төлнө.