25 дугаар зүйл. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан
25.1.Монгол Улс олон улсын гэрээний дагуу тухайн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан гаргах үүрэг хүлээсэн бол тайланг уг олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн олон улсын гэрээгээр салбар хоорондын харилцааг зохицуулсан бол холбогдох төрийн байгууллагатай хамтран боловсруулна.
25.2.Тайлан боловсруулах үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага тайланг түүнд тавигдах шаардлагад нийцүүлэн хугацаанд нь боловсруулж, шаардлагатай хэлээр орчуулах үүрэгтэй.
25.3.Энэ зүйлийн 25.1, 25.2-т заасны дагуу боловсруулсан тайланг төрийн захиргааны төв байгууллага гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
25.4.Засгийн газар олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэн гаргасан шийдвэрийг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тайланг тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлнэ.
25.5.Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг Засгийн газраас томилогдсон эрх бүхий төлөөлөгчид тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу хэлэлцүүлж хамгаална.
25.6.Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг хэлэлцсэний үндсэн дээр өгсөн зөвлөмжийг энэ зүйлийн 25.1-д заасан төрийн захиргааны төв байгууллага орчуулах, хэрэгжилтийг хангах үүрэгтэй.
25.7.Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг түүнд тавигдах шаардлагад нийцүүлэн боловсруулах, шаардлагатай хэлнээ орчуулах, хүргүүлэх, хамгаалах, зөвлөмжийг орчуулах, хэрэгжүүлэх зардлыг энэ зүйлийн 25.1-д заасан байгууллага өөрийн төсөвтөө тусган санхүүжүүлнэ.
25.8.Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан, зөвлөмжийн орчуулгыг гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.
25.9.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулах ажлыг хариуцах үндсэн болон хамтрах үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагын хуваарийг энэ зүйлийн 25.1-д заасан төрийн захиргааны төв байгууллагын саналын үндсэн дээр Засгийн газраар батлуулж, шаардлагатай үед шинэчилж байна.
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ҮЙЛЧЛЭЛИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ, ГЭРЭЭГ ЦУЦЛАХ, ГЭРЭЭНЭЭС ГАРАХ, ГЭРЭЭНИЙ ҮЙЛЧЛЭЛИЙГ ТҮР ЗОГСООХ