31 дугаар зүйл. Олон улсын гэрээг хадгалах
31.1.Олон улсын гэрээний эх бичвэрийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хадгална.
31.2.Хоёр талт болон олон талт олон улсын гэрээг хариуцан байгуулсан төрийн захиргааны төв байгууллага гэрээнд гарын үсэг зурсан, соёрхон баталсан, эсхүл баталсан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн олон улсын гэрээний эх бичвэрийг дараахь баримт бичиг, материалын хамт гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх үүрэгтэй:
31.2.1.олон улсын гэрээний монголын талын болон нөгөө талын анхны төсөл, эцэслэн тохиролцсон, эсхүл үзэглэсэн төсөл, эсхүл баталсан буюу жинхэлсэн эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар;
31.2.2.олон улсын гэрээ байгуулах асуудлаар хийсэн хэлэлцээ, ярианы тэмдэглэл;
31.2.3.олон улсын гэрээ байгуулах асуудлаар харилцсан баримт бичиг, завсрын шийдвэр;
31.2.4.олон улсын гэрээний нөгөө болон бусад талын бүрэн эрхийн итгэмжлэл;
31.2.5.олон улсын гэрээнд гарын үсэг зурсан тэмдэглэл, олон улсын гэрээг соёрхон баталсан тухай хууль, баталсан Засгийн газрын тогтоолын хуулбар;
31.2.6.олон улсын гэрээнд гарын үсэг зурах үеийн гэрэл зураг, түүний хувь;
31.2.7.тухайн олон улсын гэрээнд холбогдолтой бусад баримт бичиг.
31.3.Энэ зүйлийн 31.2-т заасны дагуу шилжүүлсэн олон улсын гэрээний эх бичвэр, баримт бичиг, материалын бүрдүүлбэрийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан дараахь баримт бичгийг хавсарган холбогдох журмын дагуу гадаад харилцааны архивт шилжүүлнэ:
31.3.1.тухайн олон улсын гэрээг соёрхон баталсан Батламж жуух бичиг, эсхүл баталсан тухай баримт бичиг;
31.3.2.Батламж жуух бичиг, эсхүл баталсан тухай баримт бичгийг харилцан солилцсон, хадгалуулсан тухай тэмдэглэл;
31.3.3.тухайн олон улсын гэрээг соёрхон баталсан, баталсан талаар олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай харилцан солилцсон, эсхүл холбогдох байгууллагад мэдэгдсэн ноот бичиг;
31.3.4.тухайн олон улсын гэрээний хянан баталгаажуулсан монгол хэл дээрх орчуулга;
31.3.5.тухайн олон улсын гэрээнд холбогдолтой бусад баримт бичиг.