6 дугаар зүйл. Олон улсын гэрээ байгуулах түвшин, эрх бүхий этгээд
6.1.Монгол Улсын олон улсын гэрээг Монгол Улсын нэрийн өмнөөс улс хоорондын болон Засгийн газрын нэрийн өмнөөс Засгийн газар хоорондын түвшинд байгуулна.
6.2.Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Монгол Улсын нэрийн өмнөөс улс хоорондын олон улсын гэрээ байгуулах эрхтэй.
6.3.Монгол Улсын Засгийн газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газар хоорондын олон улсын гэрээ байгуулах эрхтэй.
6.4.Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлаар энэ хуульд заасны дагуу Засгийн газраас олон улсын гэрээ байгуулах эрх авсны үндсэн дээр Засгийн газрын нэрийн өмнөөс Засгийн газар хоорондын олон улсын гэрээ байгуулж болно.