7 дугаар зүйл. Олон улсын гэрээ үйлдэх хэл, орчуулга
7.1.Хоёр талт олон улсын гэрээг монгол хэлээр болон гэрээний нөгөө талын албан ёсны, эсхүл тухайн талын сонгон авсан хэлээр үйлдэнэ.
7.2.Олон улсын гэрээг ойлгох, тайлбарлах болон бусад шалтгааны улмаас зөвхөн хоёр талын хэлээр олон улсын гэрээг үйлдэх нь учир дутагдалтай гэж үзвэл гэрээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсны аль нэг хэлээр, эсхүл олон улсын гэрээний нөгөө талтай тохиролцсон өөр хэлээр үйлдэж болно.
7.3.Олон улсын гэрээний нөгөө талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр хоёр талт олон улсын гэрээг зөвхөн нэг хэл буюу гадаад улсын хэлээр үйлдэж болно.
7.4.Энэ зүйлийн 7.5-д зааснаас бусад тохиолдолд энэ зүйлийн 7.3-т заасан олон улсын гэрээг уг олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага монгол хэлнээ орчуулж, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн орчуулгыг хянан баталгаажуулна.
7.5.Энэ зүйлийн 7.3-т заасан олон улсын гэрээ нь гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээл, тусламжийн гэрээ бол тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн гэрээг орчуулах, орчуулгыг хянан баталгаажуулна.
7.6.Олон талт олон улсын гэрээний хувьд уг гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээг монгол хэлнээ орчуулж, гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэх асуудлын хүрээнд тухайн орчуулгыг хянан баталгаажуулна.
7.7.Хоёр болон олон талт олон улсын гэрээг монгол хэлээр үйлдсэн бол энэ зүйлийн 7.4-7.6-д заасан орчуулга, түүнийг хянан баталгаажуулах шаардлагагүй.
7.8.Олон улсын гэрээний орчуулгыг иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
7.9.Олон улсын гэрээний орчуулга хийх, хянан баталгаажуулах журам, үйлчилгээний хөлсийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.