16 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийн зэрэглэл, түүний шалгуур

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийн зэрэглэл, түүний шалгуур

16.1.Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхол, байгууллага, иргэнд учруулах аюул, занал, хохирлын хэмжээнээс хамаарч төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл дараахь зэрэглэлтэй байна:

16.1.1.онц чухал нууц;

16.1.2.маш нууц;

16.1.3.нууц.

16.2.Төрийн нууцад хамаарах мэдээлэл "онц чухал нууц", "маш нууц", албаны нууцад хамаарах мэдээлэл "нууц" зэрэглэлтэй байна.

16.3.Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэлд энэ хуульд зааснаас өөр нууцын зэрэглэл хэрэглэхийг хориглоно.

16.4.Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул, занал учруулах, үндэсний ашиг сонирхолд онц хүнд үр дагавар бий болгох, хүний амь биед аюул учруулах мэдээллийг "онц чухал нууц" зэрэглэлд хамааруулна.

16.5.Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын үндэсний ашиг сонирхолд хүнд үр дагавар бий болгох, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулах мэдээллийг "маш нууц" зэрэглэлд хамааруулна.

16.6.Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага бусад хуулийн этгээдийн ашиг сонирхол, үйл ажиллагаанд хохирол учруулах, эсхүл төрийн нууцад хамаарах мэдээллийг задруулах нөхцөл бий болгох мэдээллийг "нууц" зэрэглэлд хамааруулна.

16.7.Төрийн болон албаны нууцын зэрэглэлийг тогтоох журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.