17 дугаар зүйл. Мэдээллийг нууцлах хугацаа

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Мэдээллийг нууцлах хугацаа

17.1.Энэ зүйлийн 17.4, 17.5-д зааснаас бусад төрийн болон албаны нууцыг дараахь хугацаагаар нууцална:

17.1.1."онц чухал нууц" зэрэглэлд хамаарах мэдээлэл - 30 жил;

17.1.2."маш нууц" зэрэглэлд хамаарах мэдээлэл - 20 жил;

17.1.3."нууц" зэрэглэлд хамаарах мэдээлэл - 10 жил.

17.2.Мэдээллийг нууцлах хугацаа нь түүнд нууцын зэрэглэлийн дардас, бусад тэмдэглэгээ тавьж бэхжүүлсэн өдрөөс эхлэн тооцогдоно.

17.3.Төрийн нууцын зэрэглэлийг өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчилсөн зэрэглэлийн хугацаагаар тооцно.

17.4.Тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын нууц гүйцэтгэх ажилтан, эдгээр байгууллагатай нууцаар хамтран ажиллаж байсан болон нууцаар хамтран ажиллаж байгаа хүн, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтад авсан хүний талаар нууцалбал зохих мэдээллийг байнга нууцална.

17.5.Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэлд хугацаа тогтоох боломжгүй бөгөөд тодорхой үйлдэл хийснээр, эсхүл үйл явдал болсноор ил болох бол тухайн нөхцөлийн дагуу нууцлах хугацааг тооцно.

17.6.Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлын үүднээс цаашид үргэлжлүүлэн нууцлах шаардлагатай тохиолдолд тухайн нууцыг хариуцсан байгууллага, албан тушаалтан нь тагнуулын байгууллагын саналыг үндэслэн энэ зүйлийн 17.1-д заасан хугацаагаар нууцална.

17.7.Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийн нууцлах хугацаа дууссан боловч тухайн мэдээллийг ил болгох эсэхийг шийдвэрлэх хүртэл мэдээллийг нууцална.

17.8.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улс, олон улсын байгууллагын нууц мэдээлэлд энэ хуульд заасан хугацааг мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.