25 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцтай танилцах эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
25.1.Гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан, эсхүл төрийн болон албаны нууцыг хамгаалах журам зөрчсөн үйлдэлд шалгагдаж байгаа бол шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болох, эсхүл албаны шалгалтын дүн гарах хүртэл албан тушаалтан, иргэний төрийн болон албаны нууцтай танилцах эрхийг тагнуулын байгууллага түдгэлзүүлж болно.
25.2.Албан тушаалтан, иргэний төрийн болон албаны нууцтай танилцах эрхийг ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн, халагдсан, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал илэрсэн, ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон, төрийн болон албаны нууцыг хамгаалах талаар тогтоосон журам, үүргээ удаа дараа болон ноцтой зөрчсөн тохиолдолд тагнуулын байгууллага хүчингүй болгоно.