16 дугаар зүйл. Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх

16.1.Улсын хилийг газар, ус, агаараар нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль тогтоомж, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу улсын хилээр нэвтрүүлнэ.

16.2.Агаарын хөлөг нь улсын хилийн тогтоосон орох, гарах цэгээр нэвтэрч, зөвшөөрсөн агаарын замаар нисч, зөвхөн хилийн боомт бүхий нисэх буудалд бууж, хөөрөх бөгөөд үүнээс өөр газраар улсын хил нэвтрэх, буух, хөөрөх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт "агаарын хаалгаар" гэснийг "орох, гарах цэгээр" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

16.3.Улсын хилийн шугамаас хилийн боомт хүртэлх зай нь улсын хил хамгаалах байгууллагын, агаарын зай нь зэвсэгт хүчний агаарын цэргийн хяналтад байна.

16.4.Улсын хилийг усаар нэвтрэх журмыг хууль тогтоомж, хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг үндэслэн Засгийн газар батална.

16.5.Гамшгийн улмаас үүссэн хор хөнөөлийг арилгахад туслах гадаадын тусламжийн бие бүрэлдэхүүнийг хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрээр улсын хилээр нэвтрүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.