17 дугаар зүйл. Улсын хилийн боомт дээр ажиллах хяналт шалгалтын байгууллага
17.1.Зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх зорилгоор хилийн боомтод улсын хил хамгаалах, гаалийн байгууллага, виз бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор гадаадын иргэн, харьяатын байгууллага ажиллана. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.2.Зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтод тогтоосон замаар нэвтрэх бөгөөд улсын хил хамгаалах, гаалийн байгууллагын албан хаагчид шалгуулах үүрэгтэй. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.3.Хилийн хяналтын байгууллага улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхдээ доор дурдсан дарааллыг баримталж хяналт шалгалт явуулна:
17.3.1.улсын хилээр гарах хөдөлгөөний чиглэлд гаалийн, улсын хил хамгаалах байгууллага; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.3.2.улсын хилээр орох хөдөлгөөний чиглэлд улсын хил хамгаалах, гаалийн байгууллага. /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.4.Хилийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар илрүүлсэн гадаадын иргэний виз, бүртгэлийн зөрчлийг гадаадын иргэн, харьяатын байгууллага шийдвэрлэнэ.
17.5.Хилийн хяналтын байгууллагын шалгалтыг тухайн тээврийн хэрэгслийн хуваарьт хугацаанд багтаан дуусгана. Зайлшгүй тохиолдолд уг хугацааг холбогдох байгууллагатай тохиролцон сунгаж болно.
17.6.Улсын хил хамгаалах байгууллага нь зорчигчийн улсын хил нэвтрэх эрхийн баримт бичигт тэмдэглэл хийж, улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлж, нэгдсэн сан байгуулна.
17.7.Эрх бүхий байгууллагаас зорчигчийг улсын хилээр үл нэвтрүүлэх, саатуулах талаар улсын хил хамгаалах байгууллагад зохих журмын дагуу мэдэгдсэн тохиолдолд түүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй.
17.8.Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг ашиглах, мэдээлэл харилцан солилцох журмыг улсын хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.