39 дугаар зүйл. Хилчин, улсын хилд албан үүрэг гүйцэтгэж байгаа иргэний эрх зүйн баталгаа
39.1.Хилчин, улсын хилд албан үүрэг гүйцэтгэж байгаа иргэн нь төрийн төлөөлөгч байж, улсын эрх ашгийн үүднээс иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих, түүний биелэлтийг хангуулах эрхтэй.
39.2.Иргэн улсын хилд албан үүрэг гүйцэтгэх үедээ гэмт халдлагын улмаас амь насаа алдвал түүний гэр бүлд энэ хуулийн 39.8-д заасан цалингийн дунджаар тооцсон таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно.
39.3.Албан үүрэг гүйцэтгэж байгаад гэмтсэн, эрүүл мэнд нь хохирсон бол эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэсэн зардлыг төр хариуцна.
39.4.Улсын хил дээр алба хааж байгаа хилчний гэр бүлийг тэргүүн ээлжид ажлаар хангах бөгөөд тэднийг ажлаар хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож улсын төсвөөс олгоно.
39.5.Хилийн салбар, харуулд алба хааж байгаа хилчин хүнсний хангамжаар хангагдах бөгөөд хүнсний хангамжийн хэмжээг Засгийн газар тогтооно.
39.6.Хилчин, түүний гэр бүлийг ээлжийн амралтаараа /нөхөр, эхнэрийн/ нутагтаа амарвал хоёр жилд нэг удаа ирэх, очих унааны зардлыг төр хариуцна.
39.7.Улсын хилд таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн салбарт 50 хувь, суурин бус газарт байрладаг хилийн цэргийн ангид 35 хувь, нийслэл, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн цэргийн ангид 25 хувиар бодож нэгтгэн таван жил тутамд олгоно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
39.8.Энэ хуулийн 39.2, 39.3-т заасан иргэн, хугацаат цэргийн албан хаагчийн сарын үндсэн цалинг улсын хил хамгаалах байгууллагын ахлагчийн цалинтай адилтган тооцно.
39.9.Энэ хуулийн 39.2, 39.3, 39.4, 39.5, 39.6-д заасан хөнгөлөлтийг бусад хууль тогтоомжид заасан хөнгөлөлттэй давхардуулж хэрэглэхгүй.
БИЕИЙН ХҮЧ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, ГАЛТ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ