10 дугаар зүйл. Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах
10.1.Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төрөөс дараахь дэмжлэгийг үзүүлнэ:
10.1.1.сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв нь ахмад настанд зориулж насжилтаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сургалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах;
10.1.2.эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настанд эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийг, хүндэт донор ахмад настанд 100 хувийг жилд нэг удаа нөхөн олгох; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
10.1.3.нийслэлээс 1000 километр ба түүнээс хол алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн болон нэгдсэн эмнэлэг тухайн ахмад настанд дараалал харгалзахгүй үйлчилж, унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгох;
10.1.4.сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв нь хэвтрийн болон архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настныг байнгын хяналтад авч, асран сувилах тусламж үзүүлэх явуулын үйлчилгээг ахмад эмч болон сувилагч, тусгайлан бэлтгэсэн сайн дурын ажилтныг оролцуулан зохион байгуулах;
10.1.5.гэрээр асруулж байгаа байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй ахмад настанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.6-д заасан мөнгөн тусламж олгох;
10.1.6.ахмад настны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт ахмад настны кабинет, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвд ахмад настны эмч, эсхүл ахмад настны эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, ур чадвар эзэмшсэн эмч ажиллуулах.
10.2.Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр эм олгох бөгөөд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн нэр төрөл, хөнгөлөлтийн хэмжээг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.