11 дугаар зүйл. Ахмад настны хөгжил, оролцоог дэмжих
11.1.Ахмад настны хөгжил, оролцоог төрөөс дараахь байдлаар дэмжинэ:
11.1.1.өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн болон өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх төлөвлөгөөг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.1.2.нутгийн захиргааны байгууллага нь ахмад настанд биеийн тамир, спорт, соёл, урлагийн барилга, байгууламж, талбайг үнэ төлбөргүй ашиглуулах, ахмад настны дунд биеийн тамир, спорт, урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах, ахмадын баг, хамтлаг, клубыг үйл ажиллагаа явуулах байраар үнэ төлбөргүй хангах үүрэг хүлээх;
11.1.3.нутгийн захиргааны байгууллага нь ахмад настанд зориулан чөлөөт цагийн танхим, мэдээллийн төвийг ажиллуулан ахмад настанд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө өгөх.
11.1.4.ахмад настнаа хүндлэх, ёс заншил, уламжлалаа өвлүүлэх, мэдлэг, туршлагыг нь залуу үед хүргэх зэрэг арга хэмжээг ахмадын өдрийн хүрээнд бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд 10 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулах. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./