12 дугаар зүйл. Ахмад настанд үзүүлэх хүндэтгэл, насны хишиг
12.1.Жил бүрийн Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага бүр ажиллаж байсан ахмад настанд хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна.
12.2. 65 болон түүнээс дээш настай ахмад настанд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан жил бүрийн 01 дүгээр сард, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жил бүрийн 6 дугаар сард улсын төсвөөс санхүүжүүлэн ахмад настны наснаас хамааран насны хишиг олгох бөгөөд насны хишгийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
12.3.Энэ хуулийн 12.2-т заасан насны хишиг дараахь хэмжээтэй байна: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.3.1. 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;
12.3.2. 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;
12.3.3. 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;
12.3.4. 90, түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг.
12.4.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулна. 100 болон түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулж болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.5.Ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан болон бусад шалтгаанаар харьяалах аж ахуйн нэгж, байгууллага байхгүй болсон ахмад настныг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, бүртгэж Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.6.Худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газар ахмад настанд тэргүүн ээлжид үйлчилнэ.
12.7.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нь автобусны зогсоол, төмөр замын өртөө, нисэх буудал, худалдаа, үйлчилгээний төв, цэцэрлэгт хүрээлэн, сүм, хийд болон нийтийн үйлчилгээний бусад газар ахмад настанд зориулсан тусгайлан тоноглосон суудал, тавцан, гарц, шат, угаагуур, суултуур зэргийг хүрэлцээтэй хэмжээгээр байрлуулах арга хэмжээ авна.
АХМАД НАСТАНД ДЭМЖЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ, САНХҮҮЖИЛТ