14 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг

АХМАД НАСТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг

14.1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ахмад настны амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, ахмад настны хөгжил, оролцоог дэмжих талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр боловсруулах, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ахмад настны талаархи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангах үүрэг хүлээнэ.

14.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ахмад настны онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцсэн эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, насжилтын судалгааны төв, ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, тусгайлсан төсөл, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, энэ талаархи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангах үүрэг хүлээнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ахмад настны хэрэгцээ, сонирхлыг үндэслэн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, шинэ ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах, насан туршийн боловсролын үйлчилгээнд хамруулах талаар бодлого, төсөл, сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангах үүрэг хүлээнэ.

14.4.Төрийн захиргааны төв байгууллага энэ хууль, эрхэлсэн асуудлынхаа хүрээнд ахмад настанд ая тухтай амьдрах, хөгжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж олгох талаар бодлого, төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээнэ.

14.5.Бүх шатны Засаг дарга ахмад настныг дэмжих талаар дараахь үүрэг хүлээнэ:

14.5.1.баг, хорооны Засаг дарга ахмад настныг судалж бүртгэх, хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж тогтоох болон дэмжлэг, тусламж үзүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэхэд туслах, үнэн зөв тодорхойлолт гаргаж өгөх;

14.5.2.сум, дүүргийн Засаг дарга ахмад настны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ахмад настныг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулах талаар эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх, ахмад настныг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл мэндийг нь хамгаалах, ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь татан буугдсан, өөр орон нутгаас шилжин ирсэн ахмад настныг бүртгэж, нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамруулах;

14.5.3.аймаг, нийслэлийн Засаг дарга ахмад настныг дэмжих талаар авах арга хэмжээ, зарцуулах төсвийн санал боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, энэ талаархи хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих, ахмад настныг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах саналыг халамжийн байгууллагад уламжлах;

14.5.4.аймаг, нийслэлийн Засаг дарга нь орон сууц барих аж ахуйн нэгжийн удирдлагатай тохиролцон шинээр баригдах орон сууцны дэд бүтцэд төсвөөс оруулсан хөрөнгө оруулалттай тэнцэх хэмжээний үнийн дүнтэй орон сууцыг эзэмшилдээ авах, эхний ээлжид орон байргүй ахмад настанд хөлслүүлэх, эзэмшүүлэх, хүүхэдтэйгээ хамтран төлбөрийн уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломж бүрдүүлэх;

14.5.5.аймаг, нийслэлд ахмадын ордон, сум, дүүрэгт ахмадын өргөө, танхим, төв байгуулж ажиллуулах, түүнд шаардагдах хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсөвт жил бүр тусгах.

14.6.Аж ахуйн нэгж, байгууллага нь ажиллаж байсан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлээ, нүүрс олгох, хүндэтгэл үзүүлэх, нийгэм, соёл, урлаг, аялал, биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулж, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ.

14.7.Энэ хуулийн 14.6-д заасан арга хэмжээнд зориулан аж ахуйн нэгж, байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо төсвийн байгууллага тухайн жилийн төсөвт тусган цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр "Ахмадын сан" байгуулах бөгөөд Ахмадын сан байгуулан ажиллуулах журмыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

14.8.Ахмад настны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн зохион байгуулагдсан, татан буугдсан бол түүний эрх, үүргийг шилжүүлэн авсан этгээд энэ хуулийн 14.6-д заасан үүргийг хэрэгжүүлнэ.

14.9.Аж ахуйн нэгж, байгууллага нь “Ахмадын сан”-гийн үйл ажиллагааны тайлан, мөнгөн хөрөнгийн зарцуулалтын талаар жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор байгууллагын нийт ажилтны хуралд танилцуулж, хэлэлцүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.