19.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол аль нэг талын хүсэлтээр арбитрын бүрэлдэхүүн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч болно.
19.2.Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ /цаашид "түр арга хэмжээ" гэх/ гэдэгт маргааныг эцэслэн шийдвэрлэхээс өмнө үндсэн шийдвэрээр, эсхүл бусад хэлбэрээр аль нэг талд үүрэг болгосон дараахь хүрээнд авах түр арга хэмжээ хамаарна:
19.2.1.маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл одоогийн байгаа нөхцөл байдлаа хэвээр хадгалах, эсхүл сэргээх;
19.2.2.одоогийн, эсхүл учирч болох хохирлыг нэмэгдүүлэх, эсхүл арбитрын ажиллагаанд бэрхшээл учруулах үйлдэл хийхгүй байх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
19.2.3.арбитрын үндсэн шийдвэрийн биелэлтийг хангахад шаардлагатай байж болох хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах;
19.2.4.маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, уг маргаантай холбоотой байж болох нотлох баримтыг хамгаалах.