22 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт
22.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн зарчмаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулна.
22.2.Улсын хэмжээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд орон нутгийн зөвлөл /цаашид "Үндэсний болон орон нутгийн зөвлөл" гэх/-ийг байгуулна.
22.3.Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэр гаргах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссыг Засгийн газар, аймаг, сум, нийслэл, дүүргийн онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга байгуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.4.Онцгой байдлын байгууллага нь улс, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллага болон хуулийн этгээдийн үйл ажиллагаа, иргэдийн оролцоог уялдуулан зохицуулна.
22.5.Үндэсний болон орон нутгийн зөвлөл нь хөгжлийн бодлого төлөвлөлтөд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг тусгах, бодлогын зөвлөмж, чиглэл гаргах чиг үүрэгтэй, орон тооны бус байна.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.6.Салбар дундын гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, уялдуулан зохицуулах, мэдээ, мэдээлэл солилцох, хүч хэрэгсэл, нөөцийг оновчтой хуваарилах зорилгоор төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллагыг түшиглэн гамшгаас хамгаалах орон тооны бус Улсын албыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, сум, нийслэл, дүүрэгт орон нутгийн албыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.7.Сум, баг, хороонд нутгийн иргэдэд түшиглэн гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийг байгуулж болно.
22.8.Аймаг, сум, нийслэл, дүүрэг, хуулийн этгээд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн ангитай байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.9.Үндэсний зөвлөл, Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар, гамшгаас хамгаалах улсын албаны бүрэлдэхүүн, ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, мэргэжлийн ангийн ажиллах дүрмийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.10.Улсын онцгой комиссыг Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн захиргааны байгууллагын дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн.