23 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага
23.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн чиглүүлж, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга удирдан зохион байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн шатны Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдэд тэдгээрийн удирдлага зохион байгуулж, хэрэгжүүлнэ.
23.2.Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.3.Улсын онцгой комиссыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга тэргүүлнэ.
23.4.Улсын онцгой комиссын орлогч дарга нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, орон нутгийн онцгой комиссын орлогч дарга нь орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, сумын онцгой комиссын орлогч дарга нь тухайн сумын Засаг даргын Тамгын газрын дарга байна.