29 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

29.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүрэгтэй:

29.1.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах, хяналт тавих;

29.1.2.Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;

29.1.3.өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх удирдамжийг боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх;

29.1.4.орон нутгийн онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хяналт тавих;

29.1.5.гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон болон аюулын нөхцөл байдлын талаар хүн амд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, эсхүл шууд мэдээлэх, заавар, зөвлөмжөөр хангах;

29.1.6.шаардлагатай мэдээлэл, судалгааг гаргаж, гамшгийн цагийн байдлыг нэгтгэн дүгнэж онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулах;

29.1.7.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах хүч хэрэгслийг дайчлан оролцуулах;

29.1.8.гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэхэд гарсан зардал, нөхөн төлбөрийн талаар санал боловсруулан хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлэх;

29.1.9.Засгийн газраас олгосон бараа, материал, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг шаардлагатай газарт хүргэх, тээвэрлэх, хуваарилах ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

29.1.10.гамшгаас хамгаалах алба, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх;

29.1.11.гамшгийн нөөц бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, нөхөн сэлбэх;

29.1.12.гамшгийн судалгаа, шинжилгээ хийх, мэдээллийн сан байгуулах, ашиглах;

/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

29.1.13.гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, заавар, стандарт боловсруулах;

29.1.14.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

29.1.15.гамшгаас хамгаалах талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;

29.1.16.гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж нэгтгэн, боловсронгуй болгох саналыг эрх бүхий байгууллагад танилцуулах;

29.1.17.гамшгаас хамгаалах асуудлаар гадаад улс, олон улсын болон дотоодын байгууллагатай харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

29.1.18.олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох багийг бүрдүүлж, чадавхжуулах ажлыг зохион байгуулах;

29.1.19.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хүн амыг сургах, бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.