30 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрх
30.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан бүрэн эрхээс гадна доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.1.гамшгаас хамгаалах албаны гүйцэтгэх үүргийг тодорхойлж, мэргэжлийн удирдлагаар хангах;
30.1.2.гамшгаас хамгаалах хүч хэрэгслийг дайчлан гаргах, хуваарилах, оролцуулах;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.3.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хүн амыг сургах, бэлтгэх үйл ажиллагааг чиглүүлэх;
30.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа болон онцгой байдлын байгууллагад дагаж мөрдөх дүрэм, журам, заавар, стандартыг баталж мөрдүүлэх;
30.1.5.гамшгаас хамгаалах бэлэн байдлын удирдамжийн хэрэгжилтэд хяналт тавих;
30.1.6.гамшиг болон аюулын нөхцөл байдлын талаар онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд шуурхай мэдээлэх;
30.1.7.гамшгаас хамгаалах харилцан ажиллагааны төлөвлөгөөг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран батлах;
30.1.8.онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах;
30.1.9.барилга байгууламж, тусгай зориулалтын хувцас, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хангамжийн талаархи бодлогыг боловсруулж, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулах, шийдвэрлүүлэх;
30.1.10.хүний нөөцийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах;
30.1.11.онцгой байдлын байгууллагыг төлөөлж дотоод, гадаадын байгууллагатай харилцах;
30.1.12.онцгой байдлын байгууллагыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах шийдвэр гаргах;
30.1.13.онцгой байдлын байгууллагын алба хаагч, ажилтны аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
30.1.14.онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүтцийн нэгж, харьяа салбар, нэгжийн бүтэц, орон тоо, цалингийн санг тогтоох, алба хаагч болон бусад ажилтныг томилох, чөлөөлөх;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.15.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх, сахилга, ёс зүйн хариуцлага хүлээлгэх;
30.1.16.төсөв, хөрөнгийг хууль тогтоомжид заасны дагуу захиран зарцуулах;
30.1.17.үүссэн цагийн байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн цэргийн байгууллагын зарим анги, салбарыг татан оролцуулах саналыг зэвсэгт хүчний ерөнхий командлагчид шууд танилцуулан шийдвэрлүүлэх.
30.1.18.улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийг бүрдүүлэх, хадгалах, хуваарилах, хяналт тавих, аюулгүй байдлыг хангах.
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
30.1.19.энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргах. /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
30.2.Орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга энэ хуулийн 30.1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
30.3.Орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.
30.4.Онцгой байдлын байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах эрхээ харьяа санхүүгийн нэгжийн дарга, эсхүл энэ хуулийн 42.6-д заасан албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./