40 дугаар зүйл. Нийтийн эмх замбараагүй байдлын үед авах арга хэмжээ
40.1.Цагдаагийн алба хаагч олон нийтийн арга хэмжээний зорилго өөрчлөгдөж, нийтийн хэв журам зөрчигдсөн тохиолдолд тухайн үйл ажиллагааг зогсоох, тараах арга хэмжээ авахыг зохион байгуулагчаас шаардах эрхтэй.
40.2.Цагдаагийн байгууллага нь нийтийн эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараахь арга хэмжээг авна:
40.2.1.төрийн тусгай хамгаалалттай болон улсын онц чухал обьектын хамгаалалтыг хүч нэмэгдүүлэх, шаардлагатай бол галт тэрэг, нисэх онгоцны буудал, шатахуун түгээх газар, банк болон бусад обьектыг хамгаалалтад авах;
40.2.2.хүн, хуулийн этгээдийн хууль бус эзэмшилд байгаа галт зэвсэг, химийн хорт болон аюултай бодис, байлдааны техник хэрэгслийг хяналтад авах;
40.2.3.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хэрэглэхийг хориглох;
40.2.4.ангийн зориулалттай буу, сум хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн худалдаа, аюултай ачаа тээвэрлэлтийг түр хориглох;
40.2.5.хүн, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, өөрчлөх, шилжүүлэн байрлуулах;
40.2.6.нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн, эд хөрөнгө устгаж гэмтээсэн, эдгээр үйлдэлд өдөөн турхирсан, татан оруулсан, оролцсон хүнийг баривчлах, албадан тараах, зэвсэг, техник хэрэгслийг хураан авах;
40.2.7.зэвсэг болон хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох бусад зүйлийг хууль бусаар авч яваа, хадгалж байгаа, эсхүл хэрэглэж болзошгүй хүний бие, тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийх.
40.3.Нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулагч нь нийтийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
40.4.Нийтийг хамарсан арга хэмжээний үед хэвийн үйл ажиллагаа алдагдаж нийтийн хэв журам зөрчигдсөнийг цагдаагийн байгууллага өөрийн хүч хэрэгслээр зохицуулах боломжгүй болсон тохиолдолд Терроризмтой тэмцэх тухай хуульд заасны дагуу шуурхай штаб ажиллуулна.