41 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох
41.1.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын дарга дараахь тохиолдолд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр гаргаж болно:
41.1.1.тухайн газрын ойролцоо нийтийн эмх замбараагүй байдал бий болсон, эсхүл болох үндэслэл байгаа;
41.1.2.нийтийн эмх замбараагүй байдлыг хяналтад авахад шаардлагатай гэж үзвэл.
41.2.Энэ хуулийн 41.1-д заасан хориглох шийдвэр нь нийтийн эмх замбараагүй байдлыг хяналтад авах хүртэлх хугацаанд хүчинтэй байна.
41.3.Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 41.1-д заасан шийдвэрийн дагуу тухайн газрыг түр хаах, эсхүл үйл ажиллагааг зогсоох, эсхүл тогтоосон бүсээс согтууруулах ундааны зүйлийг гаргах арга хэмжээ авна.
41.4.Энэ хуулийн 41.3-т заасан шийдвэрийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.
41.5.Энэ хуулийн 41.1-д заасан үндэслэл арилсан бол шийдвэр гаргасан албан тушаалтан шийдвэрээ цуцалж, энэ тухай хүн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.