46 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох

46.1.Цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор бусдын орон байранд нэвтрэн орж, дараахь ажиллагааг явуулж болно:

46.1.1.хохирогч болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан журмын дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв болон эмнэлэгт хүргэх, эсхүл боломжтой бол төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх;

46.1.2.хүчирхийлэл үйлдэгчид хүчирхийлэл үйлдэх, согтууруулах ундаа хэрэглэхийг зогсоохыг шаардах;

46.1.3.аюулын зэрэг өндөртэй, эсхүл хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол хохирогч зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан харьяа нийгмийн ажилтанд мэдэгдэх;

46.1.4.хохирогчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, түүнд үзүүлэх үйлчилгээний талаархи мэдээллийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгөх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

46.1.5.шаардлагатай гэж үзвэл хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах;

46.1.6.зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлийг хураан авах.

46.2.Цагдаагийн алба хаагч шаардлагатай бол гэрч, хохирогч, мэдээлэл өгсөн хүн, тэдгээрийн гэр бүлийн бусад гишүүн, хохирогчид туслалцаа үзүүлсэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан арга хэмжээг авна.

46.3.Хүчирхийлэл үйлдэгч энэ хуулийн 46.1.2-т заасан шаардлагыг биелүүлэхээс татгалзсан, эсхүл эсэргүүцсэн бол хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ авна.

46.4.Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 46.1.1-д заасан хохирогчид орон байрнаасаа хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, баримт бичиг, хүүхдийн сургалтын хэрэгсэл зэрэг шаардлагатай хэрэглээний эд зүйлээ авахад нь туслалцаа үзүүлж, хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулна.

46.5.Хүүхэд өөрийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүчирхийлэлд өртсөн бол тэдгээрийн саналыг үл харгалзан хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг дараахь нөхцөлд авна:

46.5.1.хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар хүчирхийлэл үйлдсэн, эсхүл үйлдэж болзошгүй;

46.5.2.хүүхдээ барьцаалсан, барьцаалж болзошгүй;

46.5.3.хүүхдийн эмзэг байдлыг далимдуулан өөрт ашигтай шийдвэр гаргуулах, ашиг олоход ашигласан, ашиглаж болзошгүй;

46.5.4.хүүхдийг айдас, сэтгэл санааны дарамтад оруулсан, оруулж болзошгүй;

46.5.5.хүчирхийлэл үйлдэгч нь согтуурсан, мансуурсан байдалтай, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тогтмол хэрэглэдэг.

46.6.Энэ хуулийн 46.5-д заасан хамгаалах арга хэмжээг дараахь аргаар хэрэгжүүлнэ:

46.6.1.хамгаалах боломжтой хүн, гэр бүлд хүлээлгэн өгөх;

46.6.2.нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр, эсхүл асрамж, халамжийн үйлчилгээний байгууллагад хүргэх.

46.7.Хүүхдийг энэ хуулийн 46.6.1-д заасан хүнд хүлээлгэн өгөх бол түүнд эрх, үүргийг сануулж, бичгээр баталгаажуулна. Хохирогч хүүхэд нь долоо, түүнээс дээш настай бол хамгаалах боломжтой хүн, гэр бүлийг сонгохдоо түүний саналыг харгалзана.

АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.