48 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээ хэрэглэхэд тавигдах нийтлэг шаардлага
48.1.Цагдаагийн алба хаагч албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ дараахь нийтлэг шаардлагыг баримтална:
48.1.1.зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх;
48.1.2.нэн тэргүүнд хэрэглэхгүй байх;
48.1.3.тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх.
48.2.Албадлагын арга хэмжээг бусдыг гутаан доромжлох, залхаан цээрлүүлэх, шийтгэх зорилгоор хэрэглэхийг хориглоно.
48.3.Цагдаагийн алба хаагч цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр албан хэрэгцээнд хүлээн авч, бүртгэсэн тусгай хэрэгсэл, галт зэвсэг, сум, бусад хэрэгслийг хэрэглэнэ.
48.4.Цагдаагийн байгууллага, алба хаагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.
48.5.Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх явцад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол эмнэлгийн байгууллагад даруй мэдэгдэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, шууд захирах даргад, шууд захирах дарга нь прокурорт даруй мэдэгдэнэ.
48.6.Цагдаагийн алба хаагч албадлагын арга хэмжээг шууд хэрэглэхээр хуульд зааснаас бусад тохиолдолд урьдчилан сануулж, хууль ёсны шаардлагыг биелүүлэх хангалттай хугацаа олгоно.