57 дугаар зүйл. Галт зэвсэг хэрэглэх үндэслэл
57.1.Цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:
57.1.1.өөрийнх нь, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон, тээврийн хэрэгсэл унаж зугтаан бусдын амь нас, эд хөрөнгөд бодит аюул бий болгосон;
57.1.2.цагдаагийн байгууллагад зэвсэглэн, эсхүл бүлэглэн халдсан, эсхүл цагдаагийн алба хаагчийн галт зэвсгийг булаахаар довтолсон;
57.1.3.төрийн тусгай болон эрх бүхий байгууллагын хамгаалалтад байгаа хүн болон бүс, обьектод зэвсэг хэрэглэж, эсхүл бүлэглэн довтолсон;
57.1.4.хулгайлагдсан, барьцаанд байгаа хүнийг суллах;
57.1.5.галт зэвсэг, эсхүл хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн хүн зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн;
57.1.6.хуяглан хүргэж яваа сэжиг бүхий этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтанг суллахаар зэвсэглэн, эсхүл бүлэглэн довтолсон;
57.1.7.саатуулах, хорих, цагдан хорих байранд эмх замбараагүй байдал үүсч хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах нөхцөл байдал бий болсон;
57.1.8.бусдын албаны болон орон байранд зэвсэглэн, эсхүл бүлэглэн довтолсон хүний дайралтыг таслан зогсоох, эзлэн авсныг чөлөөлөх;
57.1.9.нийтийн эмх замбараагүй байдал үүссэн үед галт зэвсэг хэрэглэн довтолсон, хамгаалсан;
57.1.10.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор уршиг учруулж болзошгүй болон учруулж байгаа амьтныг устгах;
57.1.11.зэвсэглэсэн болон зэвсэг хэрэглэн эсэргүүцэж болзошгүй хүнийг баривчлах;
57.1.12.хоригдож байгаа этгээд, хоригдол оргон зугтсан, эсхүл зэвсэглэсэн хоригдлыг баривчлах.
57.2.Галт зэвсгийг түгшүүрийн дохио өгөх, тусламж дуудах, бэлтгэл, сургуулилтын болон хуульд заасан бусад тохиолдолд хэрэглэж болно.
57.3.Энэ хуулийн 57.2-т заасан галт зэвсэг хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.