58 дугаар зүйл. Галт зэвсэг хэрэглэх
58.1.Галт зэвсэг хэрэглэх сургалтад хамрагдан, галт зэвсэг хэрэглэх эрх олгогдсон цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг хадгалах, биедээ авч явах, хэрэглэх эрхтэй.
58.2.Боломжтой бүх тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан сануулна. Сануулга өгөх нь цаг алдаж хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй бодит эрсдэл үүссэн нөхцөлд галт зэвсгийг шууд хэрэглэж болно.
58.3.Цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэхдээ дараахь арга хэмжээг шат дараатай авах үүрэг хүлээнэ:
58.3.1.энэ хуулийн 57.1-д заасан тохиолдол бий болсон үед галт зэвсгээ бэлэн байдалд авах;
58.3.2.тухайн хүнд галт зэвсэг хэрэглэх тухай сануулах, тодорхой зай, байр тогтоох, хууль бус үйлдлээ зогсоохыг шаардах, эсхүл идэвхтэй үйлдэл хийхийг хориглох;
58.3.3.энэ хуулийн 58.3.2-т заасны дагуу сануулсны дараа тухайн хүн үйлдлээ үргэлжлүүлсэн тохиолдолд галт зэвсэг хэрэглэх.
58.4.Галт зэвсэг биедээ авч яваа цагдаагийн алба хаагчийн баривчилсан, эсхүл саатуулсан этгээд цагдаагийн алба хаагчийн галт зэвсгийг булаахаар довтолсон бол галт зэвсэг шууд хэрэглэж болно.
58.5.Галт зэвсэг хэрэглэсний улмаас хүн гэмтсэн тохиолдолд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, эрүүл мэндийн байгууллагад хүргэнэ. Хүний амь нас хохирсон тохиолдолд прокурор, эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэнэ.
58.6.Цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэсэн үндэслэл, хүний биед учирсан гэмтэл, үзүүлсэн тусламж, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдсэн тухай болон бусдын эд хөрөнгөд хохирол учирсан эсэх талаар шууд захирах даргадаа даруй танилцуулж, бичгээр тайлбар үйлдэх бөгөөд шууд захирах дарга нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан прокурорт мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
58.7.Цагдаагийн алба хаагч хүний бичиг баримтыг шалгах, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, баривчлах, түр саатуулах үед энэ хуулийн 57.1-д заасан тохиолдол үүсэх үндэслэл бүхий сэжиг тогтоогдвол галт зэвсэг хэрэглэж болзошгүй тухай сануулж болно.
58.8.Цагдаагийн алба хаагч хуульд заасан үндэслэлээр галт зэвсэг хэрэглэж болзошгүй тухай сануулсныг галт зэвсэг хэрэглэсэнд тооцохгүй.
58.9.Галт зэвсэг хэрэглэсэн тухай илтгэх журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШУУРХАЙ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ