59 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах
59.1.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ дараахь эрх эдэлнэ:
59.1.1.гэмт хэрэг гарсан, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт очих, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүнийг эмнэлэгт хүргэх, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг мөрдөн хөөх, түүнийг цагдаагийн байгууллагад хүргэх зорилгоор тээврийн хэрэгслийг дайчлан ашиглах;
59.1.2.шуурхай мэдээлэл нийтэд түгээх шаардлага гарсан тохиолдолд өмчийн харьяалал харгалзахгүйгээр хэвлэл, мэдээлэл, холбооны хэрэгсэл ашиглах;
59.1.3.тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх;
59.1.4.хот, суурингийн дотор нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр үнэ төлбөргүй зорчих;
59.1.5.гэмт хэргийн тухай мэдээллийг хойшлуулшгүй шалгах, гэмт хэрэгтнийг баривчлах шаардлага гарсан тохиолдолд хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслээр дараалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх.
59.2.Дипломат төлөөлөгчийн болон үүргээ гүйцэтгэж яваа тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, түүнчлэн техникийн ослын дуудлагын автомашиныг энэ хуулийн 59.1.1-д заасны дагуу дайчлан ашиглахыг хориглоно.
59.3.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 59.1.1, 59.1.2-т заасан ажиллагаанаас гарсан зардлыг нөхөн төлнө.
59.4.Цагдаагийн алба хаагч өөрийн цол, албан тушаал, хариуцсан нутаг дэвсгэр, чиг үүргээс үл хамааран хүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул учирч тусламж хүссэн, эсхүл энэ тухай өөрөө олж мэдсэн бол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, учирч болзошгүй аюулыг зайлуулах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг баривчлах, гэмт хэрэг, зөрчлийн ул мөрийг хамгаалах арга хэмжээг даруй авч, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.