61 дугаар зүйл. Үйл ажиллагаандаа тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн сүлжээ, сан үүсгэж ашиглах

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

61 дугаар зүйл. Үйл ажиллагаандаа тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн сүлжээ, сан үүсгэж ашиглах

61.1.Цагдаагийн байгууллага дараахь тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сүлжээ, сан үүсгэн үйл ажиллагаандаа ашиглана:

61.1.1.гэмт хэрэгт сэжиглэгдсэн, эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцогдсон, яллагдагчаар татагдсан хүний талаар;

61.1.2.ял шийтгүүлсэн хүний талаар;

61.1.3.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний талаар;

61.1.4.эрүүгийн хэрэг, үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан хүний талаар;

61.1.5.эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, ялыг хойшлуулсан хүний талаар;

61.1.6.хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхгүй, мөн хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа, хүүхэдтэй хэрцгий харьцаж байгаа этгээдийн талаар;

61.1.7.өршөөл, уучлалд хамрагдсан хүний талаар;

61.1.8.гэмт хэрэгт хохирсон хүний талаар;

61.1.9.зөрчил үйлдсэн этгээдийн талаар;

61.1.10.эрэн сурвалжлагдаж байгаа хүний талаар;

61.1.11.тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигчийн болон тээврийн хэрэгслийн татвар, даатгал, оношилгооны талаар;

61.1.12.жолоодох эрхийн үнэмлэх авсан хүний талаар;

61.1.13.гэрээт болон хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн талаар;

61.1.14.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналтад байгаа хүний талаар;

61.1.15.Галт зэвсгийн тухай хуулийн 12.9-д заасан мэдээллийн сан;

61.1.16.цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэсэн тохиолдлын талаар;

61.1.17.гарын хээ, сум, хонгио, генетикийн мэдээлэл;

61.1.18.хуулийн этгээдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн хэрэгслийн мэдээлэл;

61.1.19.цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын тоо бүртгэл;

61.1.20.эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хуулийн этгээдийн талаар;

61.1.21.бусад.

61.2.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 61.1-д заасан мэдээллийн санг энэ хуульд заасан зорилгоор ашиглах бөгөөд уг сангийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

61.3.Энэ хуулийн 61.1.19-д заасан мэдээллийн сангийн журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батлах бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол түүний зөвшөөрөлгүйгээр мэдээллийн сан дахь мэдээллийг бусад байгууллага, албан тушаалтанд танилцуулах, шилжүүлэхийг хориглоно.

61.4.Монгол Улсын олон улсын гэрээ, олон улсын болон гадаад улсын цагдаагийн байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны баримт бичигт заасан бол тэдгээрт энэ хуулийн 61.1-д заасан мэдээллийг өгч болно.

61.5.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 61.4-т заасны дагуу мэдээлэл хүссэн зорилго, өгсөн мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

61.6.Энэ хуулийн 61.1.19-д зааснаас бусад мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

61.7.Цагдаагийн байгууллага өөрийн өдөр тутмын үйл ажиллагааны шуурхай, үр дүнтэй байдлыг хангах зорилгоор өөрийн дотоод хэрэгцээнд бусад төрлийн мэдээллийн санг байгуулж болно.

61.8.Хуульд өөрөөр заагаагүй бол цагдаагийн байгууллага, алба хаагч үүргээ гүйцэтгэх үедээ төрийн байгууллагын төвлөрсөн мэдээллийн санд шуурхай нэвтрэх, албаны хэрэгцээнд ашиглах эрхтэй.

61.9.Цагдаагийн алба хаагчийн энэ хуулийн 61.1, 61.8-д заасан мэдээллийн санд нэвтэрсэн, ашигласан үйлдэл нь мэдээлэл боловсруулах нэгдсэн сүлжээнд бүртгэгдэн хадгалагдана. Энэ зүйлд заасан үүргийг цагдаагийн төв байгууллагын мэдээллийн технологи, аюулгүй байдал хариуцсан нэгж гүйцэтгэнэ.

61.10.Цагдаагийн алба хаагч мэдээллийн санг хуулиар хүлээсэн чиг үүрэгтээ хамааралгүй зорилгод ашигласан, бусдад шилжүүлсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ИРГЭНИЙ ХЯНАЛТ, ОЛОН НИЙТ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.