62 дугаар зүйл. Иргэний зөвлөл

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

62 дугаар зүйл. Иргэний зөвлөл

62.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна.

62.2.аймаг, нийслэлийн Засаг дарга Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг удирдаж, хяналт тавихгүй бөгөөд түүний хараат бус байдлыг хангах үүрэгтэй. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

62.3.Иргэний зөвлөлийн гишүүн нь сүүлийн 5 жил цагдаа, прокурор, шүүгч, төрийн улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй, ял шийтгэлгүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна.

62.4.Иргэний зөвлөлийн гишүүнээр энэ хуулийн 62.3-т заасан шаардлагыг хангасан, тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 5 жил оршин сууж байгаа, оршин суух бүртгэлтэй Монгол Улсын иргэнийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гурван жилийн хугацаагаар томилно.

62.5.Иргэний зөвлөл хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэй.

62.6.Иргэний зөвлөл дараахь эрхтэй:

62.6.1.цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын төсвөөс бусад төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, санал өгөх;

62.6.2.цагдаагийн алба хаагчийн сургалт болон гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;

62.6.3.цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн талаар ирсэн гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх;

62.6.4.цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;

62.6.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар бүх шатны Засаг даргаас хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

62.6.6.цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг сайжруулан өөрийн нутаг дэвсгэр дэх иргэд, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх чиглэлээр санал боловсруулах.

62.7.Иргэний зөвлөлд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

62.7.1.цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох;

62.7.2.улс төрийн үйл ажиллагаа явуулах.

62.8.Иргэний зөвлөл чиг үүрэгтээ хамаарах асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон цагдаагийн төв байгууллагын дарга, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус санал, зөвлөмж хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

62.9.Иргэний зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар олонхийн саналаар нэг жилийн хугацаагаар сонгоно.

62.10.Иргэний зөвлөлийн төсөв болон гишүүдэд олгох мөнгөн урамшлыг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.

62.11.Иргэний зөвлөлийн дүрмийг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.