63 дугаар зүйл. Олон нийтийн цагдаа

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

63 дугаар зүйл. Олон нийтийн цагдаа

63.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь оршин суугч иргэд, цагдаагийн байгууллагын санал, хүсэлтийг үндэслэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд олон нийтийн цагдаа ажиллуулж болно.

63.2.Аймаг, нийслэлийн Засаг даргаас Иргэний зөвлөл, цагдаагийн байгууллагатай зөвшилцөн гаргасан саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал олон нийтийн цагдаагийн тоог жил бүр тогтооно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

63.3.Цагдаагийн байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн 20 нас хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр, олон нийтийн цагдаагаар томилох шийдвэр гаргаж, гэрээ байгуулна. Гэрээнд хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, урамшил, гэрээ цуцлах үндэслэлийг заана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

63.4.Олон нийтийн цагдаагийн дүрэм, түүнд тавигдах шаардлага, гэрээний загварыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

63.5.Олон нийтийн цагдаа хууль сахиулах үүрэг гүйцэтгэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжийг чанд сахиж, зөвхөн гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

63.6.Олон нийтийн цагдаа гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад, зөрчил гарсан тухай төрийн холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх үүрэг хүлээнэ. Үүрэг гүйцэтгэж байгаа олон нийтийн цагдаад шаардлагатай холбооны, нэг бүрийн тусгай хэрэгсэл болон хамгаалах тусгай хэрэгсэл тавьж олгоно.

63.7.Энэ хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд олон нийтийн цагдаагийн тавьсан шаардлагыг иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

63.8.Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, урамшил, сургалт явуулахтай холбогдсон зардлыг тухайн шатны Засаг дарга гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

63.9.Олон нийтийн цагдааг албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан доромжилсон, заналхийлсэн, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан, түүнээс тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, эсэргүүцсэн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

63.10.Олон нийтийн цагдаа дараахь эрх, үүрэгтэй:

63.10.1.гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах;

63.10.2.шаардлагатай хүний бичиг баримтыг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох;

63.10.3.хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих;

63.10.4.гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах;

63.10.5.хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах;

63.10.6.нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох;

63.10.7.хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, энэ хуулийн 51.1.1, 51.1.3, 51.1.4, 51.1.5-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх.

63.11.Олон нийтийн цагдааг сургаж, дадлагажуулах үүргийг цагдаагийн байгууллага хүлээнэ.

63.12.Энэ хуулийн 63.8-д заасан таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны загвар, хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

63.13.Олон нийтийн цагдаа энэ зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх явцдаа Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана.

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.