64 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах
64.1.Цагдаагийн байгууллага нь нутгийн захиргааны болон төрийн бус байгууллага, иргэдээс зохион байгуулж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хамтран ажиллана.
64.2.Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна.
64.3.Цагдаагийн байгууллага, алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь иргэн, хуулийн этгээд дэмжлэг, туслалцаа үзүүлж, хамтран ажиллана.
64.4.Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн, үйлдэгдэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг тогтоох, тэдгээрийг арилгуулах талаар иргэн, хуулийн этгээдэд хуулиар хүлээсэн үүргийнх нь хүрээнд шаардлага тавьж, биелэлтийг шалгаж шаардах, холбогдох материалыг иргэн, хуулийн этгээдээс саадгүй гаргуулан авна.
64.5.Иргэн, хуулийн этгээд цагдаагийн байгууллага, алба хаагчийн тавьсан шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч, тогтоосон хугацаанд хариу мэдэгдэх үүрэгтэй.
64.6.Цагдаагийн байгууллага үйл ажиллагааныхаа талаар иргэдийн саналыг судалж, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч дүн шинжилгээ хийж болно.
64.7.Цагдаагийн байгууллага зохих сургалтад хамрагдаж тэнцсэн хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтныг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх үүрэгтэйгээр тусгайлан томилж хамтран ажиллана.
64.8.Энэ хуулийн 64.7 дахь хэсэг нь иргэн, хуулийн этгээдийн хүний эрх, эрх чөлөө, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээлэл авах эрхийг хязгаарлахгүй.
64.9.Цагдаагийн байгууллага, алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ иргэдийн дэмжлэгийг авах, итгэлийг хүлээхийг эрхэмлэнэ.