65 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээд, албан тушаалтны үүрэг, туслалцаа
65.1.Иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан нь цагдаагийн байгууллага, алба хаагчийн хууль ёсны ажиллагаанд саад учруулахгүй байх, өөрийг нь тодорхойлсон баримт бичгийг шалгуулах үүрэгтэй.
65.2.Иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан дараахь чиглэлээр цагдаагийн байгууллагад туслалцаа үзүүлнэ:
65.2.1.үйл ажиллагаа явуулахдаа гэмт хэрэг, зөрчил гарах нөхцөл бүрдүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
65.2.2.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд оролцох;
65.2.3.гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн болон үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа, үйлдсэн этгээдийн талаар цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэх;
65.2.4.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
65.2.5.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах асуудлаар мэдээ, мэдээлэл солилцож, дэмжлэг үзүүлэх талаар цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах;
65.2.6.төрийн болон төрийн бус байгууллага цагдаагийн байгууллагаас шаардсан мэдээллийг саадгүй гаргаж өгөх;
65.2.7.өөрийн аюулгүй байдлыг хангахад ашиглаж байгаа нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайг хянах зориулалт бүхий дүрс бичлэгийн хэрэгсэл, сүлжээг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох, шаардлагатай техникийн нөхцөл боломжоор хангах;
65.2.8.өөрийн эзэмшлийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийг цагдаагийн байгууллага, алба хаагчид саадгүй гаргаж өгөх.
65.3.Энэ хуулийн 65.2.2-т заасан ажиллагаанд идэвхтэй оролцсон иргэнд холбогдох хуульд заасны дагуу урамшил олгож болно.
65.4.Иргэн, байгууллага, хамт олон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр хууль тогтоомжид заасны дагуу цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж болно.
65.5.Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
65.6.Төрийн байгууллага, албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн цагдаагийн байгууллага, алба хаагчийн болон халхавчлах үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ