66 дугаар зүйл. Цагдаагийн албан тушаалд тавигдах шаардлага
66.1.Цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад томилогдон ажиллаж байгаа цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ.
66.2.Цагдаагийн албан тушаалд анх томилохдоо гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, нас, эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, мэргэжил, мэргэшил, ёс зүйн болон бусад тусгайлсан шалгуур үзүүлэлтийг хангасан 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг хүсэлтийг нь үндэслэн шалгуур хангасан байдлаар нь эрэмбэлэн шалгаруулж томилно.
66.3.Цагдаагийн байгууллага цагдаагийн алба хаагч бүрд мэргэжлээрээ суралцах, албан тушаал дэвших тэгш боломж, нөхцөл бүрдүүлнэ.
66.4.Цагдаагийн алба хаагч өөрийн бие бялдар, эрүүл мэнд, мэргэжил, мэргэшил, албаны бэлтгэлийн түвшинг эрхэлж байгаа албан тушаалд тавигдах шалгуурт нийцүүлж байх үүрэгтэй.
66.5.Цагдаагийн албан тушаалд тавигдах тусгайлсан шаардлага, шалгуур үзүүлэлт нь албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсрол, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүйн шаардлага, цагдаагийн албанд болон мэргэжлийн чиглэлээр ажилласан жил зэргээс бүрдэнэ.
66.6.Гүйцэтгэх чиг үүргийн онцлогоос хамааран тодорхой албан тушаалд тавигдах тусгайлсан шаардлага, шалгуур үзүүлэлтийг цагдаагийн нийт байгууллагын хэмжээнд тогтоож болно.
66.7.Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтийг цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.
66.8.Цагдаагийн төв байгууллага цагдаагийн албаны хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад захиалга өгнө.