68 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

68 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг

68.1.Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

68.2.Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэхдээ холбогдох хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ.

68.3.Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа бол энэ тухайгаа шууд захирагдах албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.

68.4.Цагдаагийн алба хаагч үйл ажиллагаандаа тэмдэглэл, илтгэх хуудас бичих, гар зураг үйлдэх, гэрэл зураг авах, дууны-дүрсний бичлэг хийх болон бусад арга хэрэглэнэ.

68.5.Хуульд зааснаас бусад тохиолдолд цагдаагийн алба хаагч хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой мэдээллийг хайх, цуглуулах, хэрэглэх, тараахыг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

68.6.Алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ энэ хуулийн 47.1-д заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэж болно.

68.7.Хуульд заасан тохиолдолд удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хувийн болон албаны ажлаар гадаад улсад зорчихгүй байх үүрэгтэй.

68.8.Цагдаагийн алба хаагч, ажилтан нь амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаа аливаа халдлагаас хамгаалах, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

68.9.Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд хуульд нийцсэн мэдэгдэл, шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавина.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.