69 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчид хориглох зүйл

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

69 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчид хориглох зүйл

69.1.Цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараахь зүйлийг хориглоно:

69.1.1.хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах;

69.1.2.албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах;

69.1.3.бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төрд хохирол учруулж болзошгүй мэдээ, мэдээллийг нийтэд болон бусдад мэдээлэх;

69.1.4.төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур бусдад задруулах, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр албан ажлын мэдээллийг нийтэд болон бусдад мэдээлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

69.1.5.албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх;

69.1.6.мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх;

69.1.7.бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох;

69.1.8.нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн./ /Энэ хэсгийн 69.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагчид ... дараахь зүйлийг хориглоно:" гээд 69.1.8 дахь заалтад "нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;" гэж заасны "..., үйлдвэрчний эвлэлийн ..., үйлдвэрчний эвлэлийн ..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./ ;

69.1.9.удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах;

69.1.10.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилд очихгүй байх, ажил хаях, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;

69.1.11.иргэний давхар харьяалалтай байх;

69.1.12.гэмт хэрэг, зөрчлийн талаар хүнээс мэдээлэл, тайлбар авах зорилгоор эрүүдэн шүүх, эсхүл ийм үйлдлийг аливаа хэлбэрээр зөвтгөх;

69.1.13.хуулиар хориглосон бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.