70 дугаар зүйл. Туршилтын хугацаа тогтоох
70.1.Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл туршилтын хугацаанд ажиллуулж болно.
70.2.Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэгт нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, үүрэг хүлээнэ.
70.3.Энэ хуулийн 70.1-д заасан хугацааг сунгах болон туршилтын хугацаанд гүйцэтгүүлж болохгүй ажил үүргийн жагсаалт, гэрээний загварыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
70.4.Дадлагажих ажилтан нь туршилтын хугацаанд албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дадлагажуулагч алба хаагчийн удирдлага доор ажиллана.
70.5.Дадлагажих ажилтныг шууд удирдах дарга нь тогтоосон туршилтын хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө дадлагажих ажилтан үүргээ хэрхэн гүйцэтгэсэн тухай дүгнэлтийг түүнд танилцуулж, тухайн албан тушаалд тэнцэх эсэх саналын хамт томилох эрх бүхий албан тушаалтанд танилцуулна.
70.6.Эрх бүхий албан тушаалтан дүгнэлт, саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
70.6.1.албан тушаалд томилох;
70.6.2.байгуулсан гэрээг цуцлах.
70.7.Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.
70.8.Дараахь үндэслэл байвал туршилтын хугацааг дуусахаас өмнө гэрээг цуцална:
70.8.1.ял шийтгэл хүлээсэн;
70.8.2.ёс зүй, сахилгын зөрчил гаргасан;
70.8.3.чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;
70.8.4.үүрэг гүйцэтгэх чадвар хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан.
70.9.Дадлагажих ажилтан гэрээний хугацаа дуусахаас өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа бол түүний албан үүрэг гүйцэтгэх эрхийг түдгэлзүүлнэ.
70.10.Дадлагажих ажилтныг удирдах албан тушаалд томилохыг хориглоно.