81 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчийн сахилгын хариуцлага
81.1.Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана.
81.2.Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
81.3.Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.
81.4.Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:
81.4.1.сануулах;
81.4.2.албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
81.4.3.албан тушаал бууруулах;
81.4.4.цагдаагийн цолыг бууруулах;
81.4.5.цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.
81.5.Цагдаагийн алба хаагчийн мөрдөх ёс зүй, сахилгын дүрэм нь алба хаагчийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр, хилийн чанадад нэгэн адил үйлчилнэ.
81.6.Энэ хуулийн 81.4.1, 81.4.2, 81.4.3, 81.4.4, 81.4.5-д заасан шийтгэл хүлээсэн алба хаагч тогтоосон хугацаанд хувийн зардлаар ёс зүйн сургалтад хамрагдах үүрэгтэй. Энэ хугацаанд байгууллага цалингүй чөлөө олгоно.
81.7.Энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан цагдаагийн албаны сургалтын байгууллага шийтгэл хүлээсэн алба хаагчийн хамрагдах ёс зүйн сургалтыг цагдаагийн төв байгууллагын даргын баталсан үнэлгээний дагуу төлбөртэй явуулна.
81.8.Цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулж болно.
81.9.Хуульд өөрөөр заагаагүй бол сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно. Энэ хугацаанд сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагчийн байгуулсан онцгой гавьяа, гаргасан зөрчлийн шинж чанар зэргийг харгалзан сахилгын шийтгэл оногдуулсан албан тушаалтны шийдвэрээр хугацаанаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцож болно.