85 дугаар зүйл. Хууль зүйн баталгаа
85.1.Цагдаагийн алба хаагчийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тавьсан шаардлагыг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан, заавал биелүүлэх бөгөөд биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
85.2.Иргэн, албан тушаалтан хэн боловч цагдаагийн алба хаагчийн хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, хуулиар хүлээсэн үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардахыг хориглоно.
85.3.Цагдаагийн алба хаагч албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс үүссэн хохирлыг хариуцахгүй.
85.4.Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс учирсан хохирлыг төр хариуцна.
85.5.Цагдаагийн алба хаагч ажлын бус цагаар хууль ёсны үйл ажиллагаа явуулсан, түүнчлэн ажилдаа ирэх, буцах замд явсныг албан үүргээ гүйцэтгэж байгаатай адилтган тооцно.
85.6.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан цагдаагийн алба хаагч болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд аюул занал учирсан, эсхүл учирч болзошгүй тохиолдолд тэдгээрийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг цагдаагийн байгууллага хариуцна.
85.7.Дотоод хяналт-аюулгүй байдлын алба хаагчийг тус нэгжийн даргад мэдэгдэхгүйгээр томилох, өөрчлөх, чөлөөлөхийг хориглоно.
85.8.Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас шалгасан, баривчилсан, цагдан хорьсон, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийсэн бол шууд удирдах даргад нь даруй мэдэгдэнэ.
85.9.Цагдаагийн төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд даргыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд, бусад алба хаагчийг цагдаагийн төв байгууллагын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.
85.10.Тайван цагт цагдаагийн алба хааж байгаа иргэнийг цэргийн жинхэнэ албанд татахаас чөлөөлөх бөгөөд цагдаагийн албанд 2-оос дээш жил ажилласан бол цэргийн албыг биеэр хаасанд тооцно.
85.11.Цэргийн жинхэнэ алба хаагаагүй 18-25 насны цагдаагийн алба хаагчид цэргийн бэлтгэл эзэмшүүлэх үүргийг цагдаагийн төв байгууллага хүлээх ба цэргийн бэлтгэл эзэмшүүлэх хөтөлбөрийг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаар батлуулж, мөрдөнө.
85.12.Хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.