86 дугаар зүйл. Нийгмийн баталгаа
86.1.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно.
86.2.Цагдаагийн алба хаагчийн ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар, цагдаагийн байгууллагын нууцалбал зохих албанд гүйцэтгэх ажилтнаар ажилласан 1 жилийг 1 жил 4 сараар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 6 сар тутмыг 8 сараар тус тус тооцно. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
86.3.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газар дараахь нөхөх олговор, тусламж олгоно:
86.3.1.хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс шалтгаалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор;
86.3.2.хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг;
86.3.3.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид авч байсан цалингийн зөрүү.
86.4.Цагдаагийн алба хаагчийн авч байсан цалингийн хэмжээ нэмэгдэх бүрд энэ хуулийн 86.3.3-т заасан цалингийн зөрүүг нэмэгдсэн цалингаас шинэчлэн тооцож олгоно.
86.5.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан, эсхүл албанаас чөлөөлөгдсөн иргэнийг урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулсан бол энэ хуулийн 86.1-д заасан баталгаа нэгэн адил хамаарна.
86.6.Энэ хуулийн 86.1-д заасан зардлыг Засгийн газар хариуцан гаргаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
86.7.Цагдаагийн алба хаагчид эмнэлгийн тусламж үзүүлэх үүрэг бүхий тусгай зориулалтын эмнэлэг нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн, өндөржүүлсэн бэлэн байдал, онц байдал зарласан, хээрийн сургууль, дадлагын үеэр эмнэлгийн баг ажиллуулна.
86.8.Цагдаагийн алба хаагчийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
86.9.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэнд нь хохирсон бол эмнэлгийн байгууллагаар үнэ төлбөргүй эмчлүүлнэ.
86.10.Албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас хөгжлийн бэрхшээлтэй болсон цагдаагийн алба хаагч, эдгээр үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд амралт сувиллын болон нөхөн сэргээх эмнэлгийн байгууллагад эмчлүүлэхээр очих ба буцах замын зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу жилд нэг удаа олгоно.
86.11.Гэмт хэрэгтэй тэмцэх, дайны болон онц байдал, энхийг дэмжих ажиллагаа, гамшиг, түүний үр дагаврыг арилгах зэрэг цагдаагийн алба хаагчийн эрүүл мэнд, амь насанд өндөр эрсдэлтэй онцгой нөхцөлд алба хаасантай холбоотойгоор сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай бол 3 сар хүртэл хугацаагаар сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулна.
86.12.Энэ зүйлд заасан нөхөх олговор, мөнгөн тусламж олгох журам, энэ хуулийн 86.9-д заасан үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалт, энэ хуулийн 86.10-т заасан зардал олгох журам, энэ хуулийн 86.11-т заасан сэтгэлзүйн нөхөн сэргээх эмчилгээ хийх журмыг тус тус Засгийн газар батална.