87 дугаар зүйл. Эдийн засгийн баталгаа

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

87 дугаар зүйл. Эдийн засгийн баталгаа

87.1.Засгийн газар цагдаагийн алба хаагчийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

87.2.Цагдаагийн алба хаагч ээлжийн амралтаараа өөрийн, эсхүл эхнэр, нөхрийн төрсөн нутагт ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгоно.

87.3.Цагдаагийн алба хаагч шилжин ажиллах болсноос шалтгаалан эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнийг тэргүүн ээлжид ажлаар хангах бөгөөд ажлаар хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа цалингийн доод хэмжээгээр тооцож улсаас олгоно.

87.4.Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, онц байдлын үед болон голомтын бүсэд үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно.

87.5.Цагдаагийн байгууллага алба хаагчийг өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед болон ажлын бус цагаар, шөнийн ээлжид, хээрийн сургууль, дадлагын үеэр чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь хүнсний болон эдийн хангалтаар хангаж, хоолны зардлыг олгоно. Цагдаагийн алба хаагчид олгох хүнсний болон эдийн хангалт, хоолны зардлын хэмжээг цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.

87.6.Нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор цагдаагийн байгууллагад ажиллахаар томилогдсон алба хаагчид уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжид нь байдаг хүмүүст уналга, ачаа тээшийн зардлыг тухайн үед мөрдөж байгаа онгоц, автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож олгоно.

87.7.Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын цагдаагийн их, дээд сургуульд суралцагч цагдаагийн алба хаагчийн суралцах хугацааны цалин хөлс, ирэх, буцах тээврийн зардлыг төр хариуцна.

87.8.Энэ хуулийн 87.7-д заасан сургуульд цагдаагийн байгууллагын захиалгаар суралцаж байгаа сонсогчийн дүрэмт хувцасны болон ирэх, буцах тээврийн зардлыг төр хариуцна.

87.9.Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ:

87.9.1.төрийн тусгай алба хаасан хугацааны;

87.9.2.албан ажлын онцгой нөхцөлийн;

87.9.3.цагдаагийн мэргэжлийн зэргийн;

87.9.4.эрдмийн зэрэг, цолны;

87.9.5.хуульд заасан бусад.

87.10.Цагдаагийн байгууллагын алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно.

87.11.Энэ хуулийн 87.9-д заасан цагдаагийн алба хаагчид олгох цалин хөлсний нэмэгдлийн хэмжээ нь Төрийн албаны тухай хуулийн 28.13-т заасан зохицуулалтад хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

87.12.Дотоод, гадаадын цагдаагийн их, дээд сургуульд суралцаж байгаа цагдаагийн алба хаагчид цалин хөлс олгох журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.