88 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчийн үнэмлэх, таних тэмдэг, дүрэмт хувцас
88.1.Цагдаагийн алба хаагч нь цагдаагийн төв байгууллагаас олгосон албаны үнэмлэх, хувийн дугаар бүхий таних тэмдэгтэй байна. Цагдаагийн албаны үнэмлэх, таних тэмдгийн загварыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
88.2.Цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцас, эсхүл хувцасны мөнгөн хангамжийг олгоно.
88.3.Цагдаагийн дээд цолтой алба хаагчийн дүрэмт хувцасны загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч, цагдаагийн бусад алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, түүний эдэлгээний хугацаа, цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журмыг Засгийн газар, дүрэмт болон ажлын хувцас хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллагын дарга тус тус батална.
88.4.Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас нь алба хаагчийн хүйс, гүйцэтгэх үүргийн онцлогт тохирсон, иргэдэд бүрэн танигдахаар байна.
88.5.Цагдаагийн төв байгууллага дүрэмт хувцас, тусгай хэрэгслийн үйлдвэртэй байж болно.
88.6.Иргэн, хуулийн этгээд цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэгтэй ижил загварын дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг дуурайлган хийх, хэрэглэхийг хориглоно.
88.7.Цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын алба хаагч, сонсогч, цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын их, дээд сургуульд суралцаж байгаа сонсогч цагдаагийн дүрэмт хувцастай байна.
88.8.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ таних тэмдэг, албаны үнэмлэхээ бусдаас нуух үйлдэл хийхийг хориглоно.