91 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчийн алба хаах нас
91.1.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан үндэслэлээр цагдаагийн алба хаагч тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах эрхтэй бөгөөд алба хаах насны дээд хязгаар нь:
91.1.1.цагдаагийн бага цолтой алба хаагч 47 нас;
91.1.2.цагдаагийн дунд цолтой алба хаагч 52 нас;
91.1.3.цагдаагийн ахлах цолтой алба хаагч 55 нас;
91.1.4.цагдаагийн дээд цолтой алба хаагч 57 нас;
91.1.5.цагдаагийн бага цолтойгоос бусад эмэгтэй алба хаагчийн алба хаах насны дээд хязгаар нь 47 нас байна.
91.2.Энэ хуулийн 91.1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 5 хүртэл жилээр сунгаж болно.
91.3.Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 91.1-д заасан насны дээд хязгаарт хүрмэгц албанаас чөлөөлөгдөх, дахин 1 жилээр сунгуулах тухай хүсэлтээ насны дээд хязгаарт хүрэх хугацаа болохоос 3 сарын өмнө гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг албанаас чөлөөлөхөд саад болохгүй.
91.4.Энэ хуулийн 91.3-т заасны дагуу цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг сунгуулах тухай хүсэлтийг цагдаагийн төв байгууллага хүлээн авч, саналын хамт дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилна. Дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хүсэлт, саналыг хянан, 30 хоногийн дотор сунгах эсэх асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.
91.5.Энэ хуулийн 91.2-т заасан хугацаа сунгах журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
91.6.Цагдаагийн төв байгууллага нь энэ хуулийн 91.1, 91.2-т заасан насны дээд хязгаарт хүрч албанаас чөлөөлөгдсөн иргэнийг цагдаагийн албаны үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий ажилд гэрээгээр ажиллуулж болно.
91.7.Цагдаагийн байгууллагын захиалгаар суралцсан, цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад цагдаагийн цолтойгоор ажилласан, цэргийн жинхэнэ алба хаасан, цэрэг, цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан болон хуульд заасан бусад хугацааг цагдаагийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.
91.8.Цагдаагийн алба хаагчийн насны дээд хязгаарт Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаар хамаарахгүй.